Барилга, технологийн политехник коллежид суралцагч элсүүлэх журам
Барилга, технологийн политехник коллежид суралцагч элсүүлэх журам
2026-04-22 14:57
Нэг. Ерөнхий зүйл
1.1. БТПК нь техникийн болон мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа энэхүү журмыг баримтална.
1.2. Энэхүү журам нь МБТБС-ын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.2, 12-р зүйлийн 12.1-12.3 заалтууд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/12-р тушаалаар батлагдсан “Элсэлт, төгсөлтийн журам” болон бусад холбогдох эрх зүйн актуудад нийцсэн байна.
1.3. БТПК нь улс орны бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн элсэлтийн хяналтын тоог тогтоох, суралцагч, иргэнийг элсүүлэн сургаж ур чадвартай мэргэжилтэй ажилтанг бэлтгэнэ.
1.4. БТПК нь “Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хууль”-ийн 11-р зүйлийн 11.1-р заалтын дагуу ажлын байран дахь, хосмог, зайны болон цахим хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийн сургалтад суралцагч элсүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын мэдлэг, ур чадвар олгоно.
1.5. Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтад суралцагч элсүүлэхэд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.
1.6. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нийтэд чиглэсэн мэдээлэл, зар сурталчилгааг үнэн зөв, ойлгомжтой, тэгш хүртээмжтэйгээр БТПК-ийн цахим хуудсанд байршуулна
Хоёр. Элсэгчид тавигдах шаардлага
2.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дараах шаардлага хангасан хүнийг элсүүлнэ. Үүнд:
2.1.1. Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад насанд хүрсэн хүн;
2.1.2. Мэргэжлийн боловсролын хөтөлбөрт насанд хүрсэн хүн:
2.1.3. Мэргэжлийн боловсрол, ерөнхий эрдмийн хосолсон хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн хүн;
2.1.4. Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн хөтөлбөрт тухайн мэргэжлээр мэргэжлийн үнэмлэхтэй, бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүн;
2.1.5. Техникийн боловсролын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.
2.2. Мэргэжлийн онцлог, элсэгчийн ялгаатай байдлыг харгалзан тэдний санал хүсэлтээр мэргэшлийн түвшин тогтоох, өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээг хийнэ.
2.2.1. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийн элсэгчдээс тухайн мэргэжлийн онцлогоос хамаарч мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээг хийж болно.
2.2.2. Олон улсын болон улс орон, бүс нутгийн олимпиад, уралдаанд тодорхой амжилт үзүүлсэн нотолгоог үндэслэн суурь эсвэл бүрэн дунд боловсрол эзэмшсэн нөхцөлд шууд элсүүлнэ.
2.2.3. Элсэгч нь тухайн мэргэжлээрээ суралцах, ажиллах чин хүсэл, эрмэлзэлтэй, сонирхолтой, зөв хандлагатай байна.
2.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь хэсгийг үндэслэн элсэгчийн үнэмлэх, шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна.
2.3. Элсэгч нь МБТБС-ын тухай хуулийн 17-р зүйлийн 17.3 дах заалтын дагуу хос мэргэжлээр элсэхэд нээлттэй бөгөөд энэ тохиолдолд тэтгэлэгийг давхардуулан олгохгүй.
2.4. Элсэхийг хүсэгч хүний өргөдөл, холбогдох баримт бичгийг жил бүр зарлагдсан хугацаанд элсэлтийн комисс хүлээн авна.
2.5. Элсэхийг хүсэгч хүн цахимаар бүртгүүлэх тохиолдолд elselt.ctpc.mn хаягаар нэвтэрч бүртгүүлэх ба бүртгүүлсэнээс хойш 5 хоногийн дотор боловсролын түвшинг гэрчлэх баримт бичгийг элсэлтийн комисст хүргүүлж баталгаажуулна. Бүртгэл дүүрсэн, баталгаажуулаагүй тохиолдолд элссэнд тооцохгүй.
Гурав. Элсэлт зохион байгуулах хугацаа
3.1. Орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн захиалга, сургалтын байгууллагыг төрөлжүүлэх чиглэлийг үндэслэн жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /хавсралт №1/ маягтын дагуу хүргүүлж хяналтын тоог батлуулна.
3.2. Элсэлтийн үйл ажиллагаа доорх хугацаанд зохион байгуулна.
3.2.1. Мэргэжлийн боловсрол олгох 3 жил, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн ангийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
3.2.2. Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
3.2.3. Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
3.2.4. Мэргэжлийн сургалтын элсэлтийг хяналтын тоонд тусгахгүй бөгөөд нийгмийн түншлэгч, ажил олгогч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, захиалгын дагуу сургалтын байгууллагын хүчин чадал, орчинд нийцүүлж, цаг үе улирлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн хугацааг уян хатан байдлаар зохион байгуулж болно.
3.2.5. Бүх хэлбэрийн сургалтын элсэлтийн үйл ажиллагааг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгоно.
3.3. Элсэлтийн комиссыг сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.
3.3.1. Элсэлтийн комисс нь суралцагч элсүүлэх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, элсэгчдэд тэгш боломж олгоно.
3.3.2. Элсэлтийн үйл ажиллагаанд түншлэгч, аж ахуй нэгж байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөллийг ажиллуулж болно.
3.3.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын элсэлтийг зохион байгуулах хугацааг мэргэжлийн онцлог, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан уян хатан тогтооно.
Дөрөв. Элсэлтийн мэдээ, тайлан хүргүүлэх хугацаа, хариуцлага
4.1. Суралцах эрхийн бичгийг батлагдсан хяналтын тоогоор элсэлтийн комисс хэвлүүлэн элсэлт нь баталгаажсан элсэгчдэд олгоно.
4.2. Сургуулиас томилсон элсэлтийн комисс нь элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгосон тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.
4.3. Элсэлтийн явцын мэдээг 08 дугаар сарын 25-ны дотор, нэгтгэл мэдээг 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор маягт /хавсралт №2/-ын дагуу гарган Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.4. Элсэлтийн мэдээ болон шинээр элсэгчдийн албан ёсны статистик мэдээг зохих хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх буюу буруу мэдээлсэн тохиолдолд Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
4.5. Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт зохион байгуулсан, мэргэжлийн чиглэл, нэрийг өөрчлөсөн, элсэлтийн хяналтын тоог хэтрүүлэн элсүүлэн суралцуулсан тохиолдолд тухайн суралцагчид ногдох хувьсах зардал, тэтгэлгийг элсэлт зохион байгуулж, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцна.
4.6. Элсэлттэй холбоотой гарсан санал гомдлыг сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс эрх, үүргийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
4.7. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой баримтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасны дагуу хүлээлгэн өгч хадгалуулна.
Тав. Суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоог тогтоох, батлуулах
5.1. Сургалтын байгууллага үр дүн, үнэлгээний оноонд нийцсэн элсэлтийн хяналтын тоог тогтоож, сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн шийдвэр гаргуулна.
5.2. Элсэлт хяналтын тоонд хүрээгүй тохиолдолд жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулах ба шаардлагатай гэж үзвэл боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацааг сунгаж нэмэлт элсэлтийг зохион байгуулж болно.
5.3. Техникийн боловсрол сургалтын элсэлтийг мэргэжлийн боловсрол сургалтын төгсөлттэй уялдуулан элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах хугацаа нь уян хатан байна.
5.4. Мэргэжлийн дадлагын сургалтыг ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр сургуулийн хүчин чадал, сургалтын орчинд нийцүүлэн сургалт эхлэх хугацааг уян хатан байдлаар тогтоон зохион байгуулна.
Хайлт
Сүүлд нэмэгдсэн
-
Хамтын ажиллагааны чухал алхам
- 2026-04-19 15:54
-
Олон улсын туршлага судалгаа, хамтын ажи...
- 2026-04-19 15:44
Мэргэжилтэй ирээдүйг хамтдаа бүтээе.
